Би 2023 оны 1 сард МУИС-г "Солонгос хэл орон судлал"-аар төгсөөд, намар нь Солонгост сурах магистрын тэтгэлэгт хүсэлт явуулна гээд бүр шийдчихсэн байв. Урт хугацааны ажилд орж болохгүй, намар хүртэлээ юу хийхээ мэдэхгүй байлаа. Оюутан солилцоогоор бүтэн жил Солонгост сурч, амьдарч байгаад ирсэн болохоор 2022 оны зуны оюутны хөтөлбөрөөс хоцорчихсон, энэ өвөл төгсөх болохоор АНУ-г үзэж чадахгүй гээд бүр эвлэрчихсэн байв. 1 сард нь зүгээр л instagram гүйлгэж байгаад энэ хөтөлбөрийн тухай нийтлэлийг азаар олж хараад оффис дээр нь очиж мэдээлэл аваад шууд бүртгүүлсэн. Манай найзууд оюутан байхдаа UNITED WORLD-р зуучлуулж зуны оюутны ажиллаж аялах хөтөлбөрт зөндөө явж байсан болохоор огт эргэлзээгүй.

4 жилийн турш Солонгос хэл судалсан хүн чинь арван жилдээ сурсан бүх англи хэлээ мартчихсан шахуу, ярихаараа солонгос англи хольж яриад хажуугаар нь англи хэлний дуудлага хатуу талдаа. Агентлаг дээрээ очиж уулзаад англи хэлээ шалгуулахад зуслангийн багшийн ажилд тэнцэхэд хангалтгүй байна дараа жил хэлээ сайжруулаад бүртгүүл гээд, би болохоор хурдан сайжирч чадна аа гэсээр байгаад бүртгүүлж байсан. Чөлөөт давтлага гээд ярианы сургалт нь үнэгүй байдаг болохоор нь уйгагүй оффис дээр ирж бэлдсээр 4 удаа ажлын ярилцлагад унаж, шантрахын даваан дээр 5 дахь ярилцлагадаа бүүр хойно 4 сард тэнцээд АНУ нисэж байлаа. Элчингийн ярилцлагад агентлаг бүх материал бэлдээд өгчихсөн болохоор тэрийгээ аваад л орсон, асуудалгүй тэнцээд визээ авсан. Ингээд л  бүр хэзээ ч очиж байгаагүй АНУ-д, анх удаа л зуслангийн багшаар зуны турш ажилласан.

Эхэндээ хэцүү хэлний мэдлэг гологдоод байгаа юм шиг санагдаад ярихаас ичдэг байлаа, тэгэхэд нэг өрөөнд амьдардаг Англиас ирсэн зуслангийн багш охин маань их тусалсан. Ажил хийж байгаа, тэр тусмаа хүүхэдтэй ажиллах зуслангийн багш хүн учраас хариуцлага өндөр байдаг. Очоод эхний 10 хоног онол, дадлага хосолсон сургалт орж ажилчидаа бэлтгээд тэрний дараа хүүхдүүд ирж эхэлдэг юм билээ, тэр хугацаанд мөн ч их юм сурсан соёлын шоконд орох зав ч гараагүй. Би чинь өөрөө  шатрын зэрэгтэй болохоор оюутан байхдаа цэцэрлэгийн хүүхдүүдэд шатар зааж цагийн багш хийгээд халаасны мөнгө олдог байсан. Тиймдээ ч жоохон хүүхдүүдтэй ажиллах их дуртай байсан. АНУ-д Зусландаа ч гэсэн тэрийгээ хэлээд өдрийн зусланд ихэвчлэн 6-11 насны жоохон хүүхдүүдтэй бүлгийг дааж авдаг болсон. 6 настай хүүхдүүд нь шулагнаад л, өөрөөсөө том цүнх үүрчихсэн гүйгээд байна, эгдүүтэй гэж жигтэйхэн. Өдөржин хүүхдүүдтэй гадаа арга хэмжээнүүдэд оролцож, хааяа гар бөмбөгийн хичээл заагаад, хагассайн өдөр бүр 4 цагаар зуслангийнхаа оффис-н ойр зуурын ажилд тусалсаар гурван сар маш хурдан өнгөрсөн. Ядрах, шантрах үе байсан ч одоо эргээд бодоход дурсамж дүүрэн гайхалтай зун өнгөрсөн. 

Манай зуслан ажиллаж байх үед утас огт ашиглаж болдоггүй дотоод дүрэмтэй, өглөөд утсаа шилэн хоргонд хийгээд үлдээдэг, хүүхдүүд нь ч утасгүй ирдэг тул надад зуслангийн зураг бараг байхгүй. Гар утасгүй зун өнгөрсөн болохоор хааяа бухимдмаар ч үнэхээр сайхан тархиа амраагаад, нуурын эрэг ой модон дунд байгальтай ойр зун өнгөрсөн.  Мөн АНУ чинь хүний эрхийг дээдэлдэг орон учраас манайхан шиг хамаагүй хүүхдийн зураг авах, олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүй ашиглахыг хатуу хориглодог юм билээ. 

https://www.instagram.com/reel/CtXwnElrxXU/?igsh=MXAzaGRyb2U0a2lneQ==

CAMP JEWELL YMCA буюу YMCA-н нэг салбар зусланд ажилласан, дэлхий даяар олон салбартай үнэхээр сайн менежменттэй, маш олон улсаас ажилчид авдаг учраас хийж буй ажлаасаа гадна хамт олон, удирдлагуудаасаа маш их зүйл суралцсан. Ахиж явах боломж гарвал яг л энэ зусланруугаа буцаж явна гэж боддог. Хөтөлбөр маань дуусаад алдарт New York, Washington DC, Chicago хотуудаар мөнгөө дуустал аялаж байгаад Монголдоо ирсэн. Англи хэлний ярианы чадвар маань гайхалтай сайжирсан гэдгийг Монголруу буцах онгоцонд цуг сууж ирсэн гадаад хүнтэй 10 цаг гаруй ярилцахдаа л мэдсэн дээ.

Монголдоо ирсэн хойноо тэтгэлэгтээ материалаа явуулж, сургуульдаа элсэх хүсэлт явуулахдаа энэ ажлынхаа туршлагыг CV-дээ оруулсан байсныг маань ярилцлага дээр сонирхож асуусан. Ингээд л өвөл нь хүсч байсан сургуульдаа тэтгэлэгээр суралцахаар болоод одоо санхүүгийн магистрын хөтөлбөрийн оюутан болоод ахиад л гэр бүлээсээ хол гадаадад явж байна. Гэр бүл дотор нэг тэнэмэл хүн байдаг гэдэг нь би юмуудаа. Солонгост ч гэсэн зөндөө олон гадаад оюутнууд англи хэлээр магистрт суралцахаар ирдэг учраас тэр хэдтэйгээ найзлаж нөхөрлөхөд минь зуны турш сурсан хэлний мэдлэг их дэм болж байгаа.

    Буцах